CУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН ЭЭЛЖИТ 9 ДҮГЭЭР ХУРАЛДААН 2022 ОНЫ 10 ДУГААР САРЫН 05-НЫ ӨДӨР ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ИРГЭНИЙ ТАНХИМД ХУРАЛДЛАА.

       Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 9 дүгээр хуралдааныг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хийхээр сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын зөвлөлийн шийдвэр гарсан.

 

       Хуралдаанд дараах ажлуудын тайлан, холбогдох материалуудыг бэлтгэж оруулсан. Үүнд:

        1.Гашуун дэлийн Бага сургуулийн бүтэц орон тоо, төсөв, боловсон хүчний хангалт, хүүхдийн тоо, ажиллах орчны нөхцөл байдал зэргийг нарийвчлан гаргаж, материалыг төлөөлөгчийн тоогоор бэлтгэх. 

       2. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тооллогоор дутсан эд хөрөнгийг эргэн төлүүлсэн, нөхөн авсан, өвс тэжээлийн сангийн дутсан мөнгийг төлүүлсэн, хууль бусаар зарцуулсан Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө санхүүг эргэн төвлөрүүлсэн байдлын тайлан, холбогдох бичиг баримт, төрийн сангийн хуулга, мөнгө тушаасан баримт зэргийг хавсаргасан материалуудыг төлөөлөгчдийн тоогоор тус тус бэлтгэж ИТХ-ын ажлын албанд өгөх. 

        3.Албан байгууллага, аж ахуйн нэгж, айл өрхүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, сумын Гамшгаас хамгаалах сангийн нөөц, мөн өвөлжилтөд зориулсан бусад санхүүжилт, гадны аймаг, сумаас ирсэн болон гадны аймаг, сумдад байгаа мал сүрэг, айл өрхийн тоог нарийвчлан гаргаж сонсгол тайлан тавих

         4. Малын тоо толгойн албан татвар, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2023 онд хийх ажлуудын талаар иргэдээс авсан саналыг эрэмбэлсэн жагсаалтын тайлан тавих 

         5.Ундны усны орлого, зарлагын тайлан

          БУСАД АСУУДАЛ:

- Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд өөрчлөлт оруулах тухай

- Тогтоол хүчингүй болгох тухай

- Үржих буян оргил ХХК-ийн хүсэлтийн тухай

       Сумын ИТХ-ын хурлын хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.

      1.Гашуун дэлийн бага сургууль нь хүүхдийн тоо хүрэлцэхгүй, ажилчид нь ажлын цагаар ажил дээрээ байдаггүй, цахим архивыг цаг хугацаанд нь Төрийн архивт тушаагаагүй, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаагүй зэрэг үндэслэлээр Гашуун дэл бага сургуулийг татан буулгах саналыг төлөөлөгчдийн олонхын саналаар дэмжиж холбогдох байгууллагат уламжлахаар боллоо.

      2.Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас өгсөн үүрэг чиглэлийн дагуу тооллогоор дутсан эд хөрөнгийг эргэн төлүүлсэн, нөхөн бүрдүүлэх ажлуудыг байгууллагууд бүрэн барагдуулж сайн ажилласан дүгнэлт гаргалаа.

      3.Үржих буян оргил ХХК-аас тус сумд нэмж эмийн сан байгуулах шаардлага байгаа эсэхийг ИТХ-аар хэлэлцүүлж өгөхийг хүссэн хүсэлтийг хэлэлцэж тус сумд нэмж эмийн сан байгуулах нь зүйтэй гэж төлөөлөгчдийн 100 хувийн саналаар дэмжлээ.

      4.Газрын төлбөр хэмжээг аймгийн ИТХ-н 2021 оны 12 дугаар сарын хуралдаанаар шинэчлэн батлагдсантай холбогдуулан сумын ИТХ-н 2019 оны Газрын төлбөр хэмжээг тогтоосон тогтоолыг төлөөлөгчдийн 100 хувийн саналаар хүчингүй болголоо.

2022-10-07 17:58:09